Блог гээч зүйл хэзээ эхэлсэн нь маргаантай байдаг ч 10 гаран жилээс нэг их хэтрэхгүй гэдгийг интернэт үүссэн цаг хугацаатай холбоод баталчихаж дөнгөх нөхөд олон бий байх.
Миний бие блог хөтөлж эхэлснээс хойш жил хагас орчим хугацаа өнгөрөхөд бага сага туршлага хуримтлуулж, олон сайн андуудтай эчнээ болон элгээрээ танилцан хүрээгээ тэлж, нийгэмшиж, санал бодлоо хуваалцан жаргаж байгаа билээ л...
Өдөр ирэх тусам олон олноор нэмэгдэн хүрээгээ тэлж байгаа блогч хөтлөгчиддөө тус болох болов уу гэж бодсоны үндсэн дээр өөрийн туршлагад тулгуурлан, чухалчлан үзсэн хэд хэдэн бичигдээгүй дүрмийг бичиглэхээр шийдлээ. Цаг хугацаа алтнаас үнэтэйд тооцогдох өнөө үед блог ертөнцөд дөнгөж хөл тавьж буй шинэхэн андууддаа хугацаа хожих боломжийг олгож
Хишгээ блогчины зөвлөж байсныг өөрийн туршлагатай хольж хутгаад танд хэрэгтэй зөвлөмж нийтэллээ хэмээн хөөрцөглөж байгааг минь хүлээн авна уу.
Та блог хөтлөхөөр шийдсэн эсхүүл нээчихээд удаагүй бол нэн түрүүн анхаарал хандуулна байх гэдэгт итгэж байна.
Хамгийн түрүүнд бүх зүйл судалгаан дээр тулгуурладаг хэмээх онол блог хөтлөхөд ч бас нэн чухал. Мэдээж блогийн тухай огт ойлголтгүй бол шууд бичээд эхлээрэй гэж зөвлөмөөргүй байна. Таны сэтгэл блогийн яг юунд нь татагдаж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй юм. Тодорхойлохын тулд та нилээд сайн уншигч болох хэрэгтэй гэж хэлээд байна л даа.
Блогийг тун олон зорилгоор хөтөлдөг болохыг та хамгийн түрүүн мэдэх хэрэгтэй байх. Өдрийн тэмдэглэл, дуртай бичлэгүүд болон блогийн цуглуулга, нийгэмших, олон нийтэд үгээ хүргэх, тэр ч байтугай зөвхөн өөрийн хэрэгцээт файлуудыг хадгалах зорилгоор гэх мэт олон зорилго байх юм.
Та хэрвээ зорилгоо тодорхойлоод, би энэ чиглэлийг баримтлан нийтлэх болно гэж бат итгэсэн хойноо блогоо нээх хэрэгтэй. Блогоо нээхдээ та аль блог сайт дээр нээх тухайгаа бас бодох хэрэгтэй болох байх. Үүнд таны зорилго их хамаатай. Хэрэв олон нийтэд үгээ хүргэхээр шийдсэн бол
ГоүГоү,
Банжиг,
Блогмн зэрэг таны нийтлэл сайтын нүүрэнд ямар нэг хэлбэрээр харагдах блог сайтуудаас сонгоорой. Та зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан нээх гэж байгаа бол
блогспот ч юм уу зөвхөн өөрөө нэвтэрч унших боломжоор хангадаг блог сайтуудыг сонгох хэрэгтэй.
Сайтаа сонгосон бол та блогтоо өгөх нэр болон блогийн тайлбарынхаа тухай бодоорой. Блогтоо өгөх нэр тань мөн л нөгөө блог хөтлөх зорилготой нягт холбогдох ёстой бөгөөд олон нийтэд хандсан блог нээхээр төлөвлөсөн бол таны блогийн зорилгыг илтгэх, амархан цээжлэгдэх, онцгой содон гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар таны сэтгэлээс гарсан сонирхол татахуйц нэрийг сонгох нь олонд танигдахад онцгой үүрэгтэй. Жишээ нь: http://gump.blog.banjig.net, http://ajiglagch.wordpress.com/ гэх мэт.
Блогийн тайлбар бол бас их чухал, олон зүйлийг уншигчдад тань хэлж өгөх уриа, түлхүүр үг гэж ойлгох хэрэгтэй. Үүнд богино зүйр үг ч юм уу аль эсхүүл таны хэлэх дуртай үг ч байж болно. Жишээ нь: http://khishgee.blogspot.com/ блогийн (
Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.) гэх мэт.
За ингээд блогоо нээгээд авсан бол та аль болох нэг чиглэл(категори) баримталж бичихийг хичээгээрэй. Тэгвэл уншигчид таны блогийг мэдээллийн хэрэгсэл мэт хүлээж авах болно.
Санакаэгийн блог шиг мэдээллийн технологийн мэдээллүүд,
itismovie блог шиг киноны ертөнцийн мэдээлэл, шог хошин зохиолын
Амарсайхан блог гэх мэт.
Гэхдээ энэ нь таныг чөлөөт сэдвээр бичиж болохгүй гэсэн үг бишээ. Сэтгэлээс гарах үгсээрээ блог хөтөлвөл та хамгийн гол нь сэтгэлийг тань сайтар таних өрөөсөн дугуйнуудтайгаа гадна төрхнөөсөө биш дотор сэтгэлээсээ танилцан нөхөрлөх маш том боломж таныг хүлээж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүний эрээн дотроо гэж үг байдаг даа. Хүний эрээнийг таних гэж хугацаа алдахгүй болгож байгаа хэрэг. Гэхдээ болгоомжлуулах нэг зүйл бий. Таны гэнэн итгэмтгий ч юм уу нэг талыг чинь блогоос тань уншиж мэдчихээд залилан хийчихэж мэдэх хүн ч тэр олон нөхдийн тань дунд шургалсан байж болно. Болгоомжлоход илүүдэхгүйгээр барахгүй маш их чухал шүү.
Заак тэгээд бичээд эхлэхдээ анхаарах зүйлүүд байнаа бас. Та уншигчдад зориулан нийтэлж байгаа нөхцөлд:
1. Блогийн дизайн гэж чухал эд бий. Хэрэв та хар дэвсгэр дээр ягаанаар ч юм уу цагаан үсэгтэйгээр бичээд эхлэвэл уншихад их төвөгтэй байдгийг анхаарна уу. Нүдний ухархайг тэсгээхгүй шүү дээ. Гэхдээ хар дэвсгэрийг битгий сонго гэсэн үг биш шүү. Фотоблогт хар дэвсгэр тун чиг зохимжтой. Олон өгүүлбэрээр битгий тайлбар тавиарай гэж зөвлөе.
2. Дизайнаа сонгонгуутаа тачигнатал нь латин үсгээр, үг үсгүүдийг гар утсаар мессеж бичиж байгаа юм шиг яргалаад эхлэвэл танд төдийлэн уншигч олдоод байхгүй. Тэгэхээр Монгол уншигчдад хандаж бичиглэж байгаа бол өнөөдрийн бидний хэрэглээ болох кирилл үсгээр үг үсгийн дүрмийг баримтлан бичих зайлшгүй шаардлагатай.
Блог таны хувийн орон зай тул бичлэгийн онцлогтоо тохируулан хүч нэмэгдүүлэх зорилгоор сонирхолтой санагдахуйц хар ярианы хэллэгээр зөв бичгийн дүрмээс гажуудаар бичиж болохгүй гэх газаргүй. Заримдаа тун ч их сэтгэл татам болсон байдаг. Гэхдээ энэ нь таныг алдаатай бичиж болно гэж өөгшүүлж байгаа хэрэг биш. Гол нь донжийг нь тааруулж хэмжээн хязгаартай хэрэглэх шаардлагатай.
3. Оюуны өмчтэй холбоотой маргаан нилээд их газар авах болсон тул та ямар нэгэн нийтлэлдээ ашигласан материалуудынхаа эх үүсвэрийг заавал дурдаарай. Ялангуяа блогчдын нийтлэлээс ашигласан тохиолдолд энэ нь тун чиг хөндүүртэй. Үүнийг анзааралгүйгээр зүгээр сонирхоод нэг нөхрийн гоё гэж санагдсан бичлэгийг копидоод тавьчихсан сууж байхад тань хулгайч зэлгийч, сайн эр, Талын Богдчингоор чинь дуудаад унавал бас л нүүр хийх газаргүй болно доо? Тэгэхээр хичнээн их таалагдсан ч гэсэн хэн нэгний шүлэг, зохиол нийтлэл зэрэг оюуны өмчид хүндэтгэлтэйгээр хандаж ашиглахаас өөр аргагүй болсон нөхцөлдөө эзэнд нь мэдэгдэж, бичлэгтээ эх үүсвэрийг заавал оруулаарай. Чухал биш юм шиг санагдаад байвал тэр хүний оронд өөрийгээ тавиад үзчихээрэй.
4. Нийгэмшиж л байгаа юм чинь та олон нийт дунд биеэ яаж авч явах тухай баримталдаг зарчимаа битгий алдаарай гэж хүсье. Зарим нэг нөхдүүд намайг хэн л мэдэв гэж гэсэн шиг элдэв ёс бус үйлдлээр таашаал аваад байдгийг үгүйсгэхгүй. Таны бичлэгийг таны, миний хүүхдүүд, ирээдүй хойч уншина шүү. Нэг өдөр таны таашаал авч балайрч элийрч бичээд мартчихсан бичлэгийг чинь хүүхэд чинь танд хэлээд зогсож байвал сайхангүй л санагдах байх тиймээ?
5. Бичлэгийн гарчиг их чухал гэдгийг ойлгоорой. Ямар гарчиг тавина түүнээс чинь шалтгаалаад унших үгүй нь ч шийдэгдэж болно. Зарим нөхдүүд шууд гарчиганд нь сэтгэгдэл бичиж паакталдгийг сонордуулъя. Гэхдээ сэтгэл нь сайхан юм тэ?
6. Интернэт дэх нийтлэлүүд урт байх зайлшгүй шаардлагатай биш л бол аль болох богинохон, товчхон (дутуу гэсэн үг биш шүү) нийтлэл оруулж байхыг хичээгээрэй. Цөөн үгээр хэлэхэд сайн нийтлэл гэж сайтар засагдсан, танагдсан бичлэг байдаг. Хэд ч засч болно. Утга санаагаа алдуулахгүй байхыг надаар хэлүүлэлтгүй биз. Та өөрийнхээрээ л байгаарай гэж сануулъя.
7. Сэтгэгдэл бол блогчдын хамгийн их ханамж авдаг H2O, амин дэм юм. За тэгээд таны нийтлэлүүдийг хүн уншиж байна уу үгүй юу гэдгийг сэтгэгдэлүүд харуулаад өгнө. Чанартай бичлэгт жилийн дараа ч сэтгэгдэл орж л байдаг шүү. Их сэтгэгдэл цуглуулах гээд элдэв сенсаац ч юм уу? бодлого, оньсого зэргийн сэтгэгдлийн тухайд өөр асуудал шүү гэдгийг хэлье. Таны бичлэгт үлдээсэн сэтгэгдэлд хариу барих нь тун ч боловсон санагддаг бөгөөд уншигчидтайгаа ойртон дотносох хамгийн дөт зам билээ.
Аа бас нэг чухал юм бий. Бусад блогуудад чин сэтгэлээсээ сэтгэгдэл бичиж санаа оноогоо хуваалцаж байгаарай. Худлаа сэтгэгдэл үлдээж нэр хүнддээ сэв оруулсанаас таг байсан нь хамаагүй дээр. Сэтгэгдэл бичнэ гэдэг нийтлэл бичихээс дутуугүй чухал зүйл. Мундаг сэтгэгдэлийн араас уншигчид нэхээд ороод ирдэг юм. Ингээд л их бага ямар нэг хэмжээгээр уншигчдаа олж авна. Танруу олон олон дайралтууд сэтгэгдлээр орж ирэх бөгөөд тэрхүү дайралтуудад эмзэглэн өөрчлөгдөхгүй байхыг хичээнэ үү. Таныг шаналгах сэтгэгдэл бичсэн хүн компьютерийнхээ ард инээчихсэн таны хариу үйлдэлийг хүлээж суугаа. Харин та түүнд заавал хариу бариад сэтгэлийн таашаал өгөх хэрэг байна уу гэдгээ бодох хэрэгтэй юм.
8. Сэтгэгдлээс гадна блогтоо хүн хандаж байна уу гэдгийг мэдэхийн тулд хандагчдын тоолуур тавьж ч болно. Гэхдээ хандагч гэдэг бол уншигч гэсэн үг биш. Гарчиглаад гараад явсан ч байж мэдэх тул нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй л болов уу?
9. Блогтоо та ямар вижет тавих нь таны хэрэг боловч уншигчдаа хүндэлж элдэв дагавар сурталчилгаатай үнэгүй вижетүүд тавихаас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны блогт байгаа вижетээс залхсан уншигч сэтгэгдэл үлдээх гэж элдэв ачаалал амсахаас шууд гараад явахыг илүүд үзэх болно.
10. Блогтоо бусад блогуудын холбоосуудыг хөөрхөн тайлбартайгаар байрлуулж байвал танд ч, уншигчдад чинь ч, холбоосоо байрлуулсан блогчинд чинь ч хэрэгтэй зүйл. Таны блогоор дамжаад өөр нэгний блогт хандах боломжийг яагаад олгож болохгүй гэж? Олон уншигчтай болж л байвал блог улам л хөгжинө тийм ээ?
11. Олны танил блогчин байя гэвэл дээрхи зөвлөгөөнүүд таньд үр ашгаа өгөх байх гэж бодож байна. Дээр нь нэмээд хэлэхэд та тууштай бичигч байх хэрэгтэй юм. Ганц нэг сайн бичлэгээрээ овоо гайгүй болж байснаа хоёр сар үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихвол блогоо дахин хөтлөж эхлэж байгаа юм шиг л замыг туулан өмнөх хөдөлмөр чинь алга болноо л гэсэн үг.
12. Эцэст нь та хэн нэгний хувилбар биш зөвхөн өөрөөрөө байгаарай!